Хувь хүний орлогын албан татвар

 

 
  ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН  АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2019 оны 03 дугаар сарын 22 өдөр

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын хууль тогтоомж

2.1.Хувь хүний орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хувь хүний орлогод албан татвар ногдуулах харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“аж ахуйн нэгж” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

4.1.2.“биет бус хөрөнгө” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.2-т заасныг;

4.1.3.“бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг;

4.1.4.“гадаад улсад олсон орлого” гэж энэ хуулийн 4.1.7, 4.1.8-д зааснаас бусад орлогыг;

4.1.5.“малчин өрх” гэж малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг;

4.1.6.“мал бүхий этгээд” гэж энэ хуулийн 4.1.5-д зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг;

4.1.7.“Монгол Улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон энэ хуулийн 6.3-т заасан орлогыг;

4.1.8.“Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого” гэж оршин суугч бус хувь хүний Монгол Улсад байрладаг этгээдэд ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж олсон энэ хуулийн 6.3-т заасан орлого болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.7-д заасан хувь хүнд хамаарах орлогыг;

4.1.9.“үл хөдлөх эд хөрөнгө” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.9-д заасныг;

4.1.10.“тогтмол бус үйл ажиллагаа” гэж тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр байнга эрхлэх ажил үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг;

4.1.11.“суутган төлөгч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.19-д заасныг.

5 дугаар зүйл.Албан татвар төлөгч

5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.

5.2.Албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна.

5.3.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хэлнэ:

5.3.1.үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан;

5.3.2.албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал.

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг тодорхойлоход энэ хуулийн 5.3.1, 5.3.2-т заасан дарааллыг баримтална.

5.5.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчид Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон, энэ хуулийн 5.3, 5.6-д зааснаас бусад хувь хүнийг хамруулна.

5.6.Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч байна.

5.7.Энэ хуулийн 5.3.1-д заасан хугацааг Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр тодорхойлно.

5.8.Энэ хуулийн 5.7-д заасан нийлбэрийг тодорхойлоход тухайн татварын жил болон түүний өмнөх татварын жилийг хамруулан тооцно.

5.9.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарахгүй.

5.10.Албан татвар төлөгч үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно.

5.11.Энэ хуульд заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийхтэй холбогдсон журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР НОГДОХ ОРЛОГО

6 дугаар зүйл.Албан татвар ногдох орлого

6.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.

6.2.Энэ хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдоно.

6.3.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

6.3.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

6.3.2.үйл ажиллагааны орлого;

6.3.3.хөрөнгийн орлого;

6.3.4.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

6.3.5.шууд бус орлого;

6.3.6.бусад орлого.

7 дугаар зүйл.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого

7.1.Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна:

7.1.1.ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;

7.1.2.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;

7.1.3.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;

7.1.4.төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;

7.1.5.гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;

7.1.6.үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;

7.1.7.хоол, унааны мөнгө.

8 дугаар зүйл.Үйл ажиллагааны орлого

8.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна:

8.1.1.бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого;

8.1.2.хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;

8.1.3.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;

8.1.4.эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээ.

8.2.Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.

9 дүгээр зүйл.Хөрөнгийн орлого

9.1.Хөрөнгийн орлогод дараах орлогыг хамруулна:

9.1.1.хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;

9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;

9.1.3.ногдол ашгийн орлого;

9.1.4.хүүгийн орлого.

9.2.Эрхийн шимтгэлийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.2-т заасныг хамааруулна.

9.3.Ногдол ашгийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.3-т заасныг хамааруулна.

9.4.Хүүгийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасныг хамааруулна.

10 дугаар зүйл.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого

10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна:

10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

10.1.2.газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

10.1.3.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

10.1.4.хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого.

10.2.Биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар төлөгч өөрийн эдийн бус хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бусдад шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.

11 дүгээр зүйл.Шууд бус орлого

11.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод хамруулна:

11.1.1.үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;

11.1.2.орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;

11.1.3.үзвэр үйлчилгээний олговор;

11.1.4.ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;

11.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;

11.1.6.арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

11.1.7.ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11.2.7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж;

11.1.8.гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;

11.1.9.Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;

11.1.10.эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;

11.1.11.энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасантай адилтгах бусад орлого.

11.2.Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамруулахгүй:

11.2.1.цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;

11.2.2.амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;

11.2.3.орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

11.2.4.эрүүл мэндийн байгууллагад төлсөн эмчилгээний зардалд зориулж олгосон тусламж, дэмжлэг;

11.2.5.ажил олгогчоос олгож байгаа албан томилолтын зардал;

11.2.6.хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн зардал;

11.2.7.хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамж.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.

12 дугаар зүйл.Бусад орлого

12.1.Энэ хуулийн 6.3.6-д заасан орлогод дараах орлогыг хамруулна:

12.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;

12.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого;

12.1.3.бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого.

13 дугаар зүйл.Албан татвар ногдох орлогыг тодорхойлох

13.1.Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасаж тооцно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ

14 дүгээр зүйл.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

14.1.Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна.

15 дугаар зүйл.Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

15.1.Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан хасагдах зардлыг албан татвар төлөгч хувийн хэрэглээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй.

15.3.Албан татвар төлөгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал түүнд ногдох үйл ажиллагааны зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохгүй.

15.4.Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, барилгыг гэр бүлийнхээ хэрэгцээнд нэгэн зэрэг ашиглаж байгаа бол ашиглалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгана.

15.5.Албан татвар төлөгчийн гэр бүлийн гишүүнд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож хасагдах зардалд тооцно.

15.6.Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.

15.7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар төлөгч энэ хуулийн 15.6-д заасан хүсэлт гаргахгүй.

15.8.Энэ хуулийн 15.6-д заасан хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

16 дугаар зүйл.Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

16.1.Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:

16.1.1.хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр;

16.1.2.эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр;

16.1.3.ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр;

16.1.4.хүүгийн орлогыг нийт дүнгээр.

16.2.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшилд байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнэ, хувь нийлүүлэхдээ гаргасан зардлыг хасаж тодорхойлно.

17 дугаар зүйл.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

17.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:

17.1.1.энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр;

17.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогоос доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр:

17.1.2.а.эрх авахтай холбогдуулан төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох зардал;

17.1.2.б.хөрөнгийг худалдаж, шилжүүлж авах болон тэдгээртэй холбогдуулан төлсөн баримтаар нотлогдох зардал;

17.1.3.энэ хуулийн 10.1.4-т заасан хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр;

17.1.4.хамтран эзэмшиж байсан хувьцаа, үнэт цаас борлуулсан бол энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу хассан дүнг тодорхойлсны дараа тухайн албан татвар төлөгчид ногдох хэсгийн үнийн дүнгээр.

17.2.Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална.

18 дугаар зүйл.Шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

18.1.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо эдгээр орлогын нийт дүнгээр тооцно.

19 дүгээр зүйл.Бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

19.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:

19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;

19.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр.

19.2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.

20 дугаар зүйл.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

20.1.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

20.2.Монгол Улсад оршин суугч этгээд болон Монгол Улсад оршин суугч бус этгээд хооронд байгуулсан аж ахуйн үйл ажиллагааны гэрээний дагуу тухайн оршин суугч бус этгээдийг төлөөлж Монгол Улсад хүрэлцэн ирж ажилласан хувь хүнд Монгол Улсад оршин суугч этгээдээс олгосон орлогыг талууд гэрээнд тусгасан байна.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан нөхцөл нь гэрээнд тодорхой тусгагдаагүй тохиолдолд гэрээний үнийн тооцоололд багтсан тухайн хувь хүний Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллахтай холбогдон гарсан зардлын дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ

21 дүгээр зүйл.Албан татварын хувь, хэмжээ

21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.

21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:

21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;

21.2.2.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд 5 хувиар;

21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар;

21.2.4.энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;

21.2.5.энэ хуулийн 20.1-д заасан орлогын дүнд 20 хувиар.

21.3.Энэ хуулийн 15.6-д заасан орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна.

21.4.Энэ хуулийн 12.1.3-т заасан орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан хязгаарт багтаан тогтооно:

21.4.1.ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд;

21.4.2.хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд.

21.5.Энэ хуулийн 21.2.4, 21.2.5-д заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

22 дугаар зүйл.Албан татвараас чөлөөлөх орлого

22.1.Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:

22.1.1.хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;

22.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;

22.1.3.гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;

22.1.4.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого;

22.1.5.Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;

22.1.6.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;

22.1.7.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;

22.1.8.энэ хуулийн 5.9-д заасан хувь хүний цалин, нэмэгдэл;

22.1.9.энэ хуулийн 22.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого.

22.2.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүнд энэ зүйлд заасан чөлөөлөлт үзүүлэхгүй.

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:

Албан татвар ногдуулах жилийн  орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

0-6 000 000 хүртэл

240 000

6 000 000-12 000 000 хүртэл

216 000

12 000 000-18 000 000 хүртэл

192 000

18 000 000-24 000 000 хүртэл

168 000

24 000 000-30 000 000 хүртэл

144 000

30 000 000-36 000 000 хүртэл

120 000

36 000 000 ба түүнээс дээш

-

 

 

23.2.Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

23.2.1.үр тариа;

23.2.2.төмс, хүнсний ногоо, түүний үр;

23.2.3.жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;

23.2.4.тэжээлийн ургамал;

23.2.5.модны суулгац.

23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

23.7.Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.8.Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.

23.9.Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ:

23.9.1.донорын олговор;

23.9.2.даатгалын нөхөн төлбөр;

23.9.3.Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал.

23.10.Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

23.11.Энэ хуулийн 23.7-д заасан тоног төхөөрөмж, бараа материалын жагсаалтыг Засгийн газар батална.

23.12.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүн энэ хуульд заасан хөнгөлөлт эдлэхгүй.

23.13.Албан татвар төлөгч энэ хуулийн 23.3, 23.4-т заасан хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлнэ.

23.14.Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд энэ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно.

23.15.Энэ хуулийн 22.1-д заасан чөлөөлөлт болон энэ хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

24 дүгээр зүйл.Гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох

24.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн гадаад улсад төлсөн албан татварыг тус албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээ нь албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад төлбөл зохих албан татварын дүнгээс хэтрэхгүй байна.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримтална.

24.4.Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг баталгаажуулах, төлбөл зохих албан татвараас хасаж тооцох журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ, ТӨСӨВТ ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ, ХАСАЛТ ХИЙХ, БУЦААН ОЛГОХ

25 дугаар зүйл.Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх

25.1.Энэ хуулийн 4.1.11-д заасан суутган төлөгч албан татвар ногдуулахад доор дурдсан журмыг баримтална:

25.1.1.энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогын дүнд энэ хуулийн 21.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.2.энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.4-т заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.3.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.4.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.2-т заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.5.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.3-т заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.6.энэ хуулийн 20.1-д заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.7.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогын дүнд энэ хуулийн 21.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх.

25.2.Албан татвар төлөгчийн харилцах данс, хадгаламжид хүү тооцох бүрдээ банк, санхүүгийн байгууллага нь суутган төлөгчийн үүрэг хүлээж, албан татвар ногдуулан суутгаж, холбогдох төсөвт шилжүүлнэ.

25.3.Суутган төлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогод албан татвар ногдуулахад холбогдох нотлох баримтыг үндэслэн энэ хуулийн 22.1.2-т заасан чөлөөлөлтийг хасаж тооцно.

25.4.Суутган төлөгч нь хувь хүнд орлого олгох бүрдээ түүний албан татвар төлөгчийн дугаар болон хувь хүн тус бүрээр олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан албан татварын хэмжээний мэдээллийг цахимаар, эсхүл хувь хүний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж, харьяа татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж илгээнэ.

25.5.Суутган төлөгч нь албан татвар төлөгчид энэ хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ тус хэсэгт заасан албан татвар ногдуулах орлого болон хөнгөлөлтийг 12 сард тэнцүү хувааж, сар бүр эдлүүлнэ.

25.6.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.

26 дугаар зүйл.Албан татварыг өөрөө тодорхойлж, төсөвт төлөх

26.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, доор дурдсан хугацаанд албан татварыг холбогдох төсөвт төлнө:

26.1.1.энэ хуулийн 15.1, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.4-т заасан хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулан, дараа сарын 15-ны өдрийн дотор;

26.1.2.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.4-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

26.1.3.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 17.1.1-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

26.1.4.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

26.1.5.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 19.1.1-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.2-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

26.1.6.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 19.1.2-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.3-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

26.1.7.энэ хуулийн 15.6-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.3-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор.

26.2.Энэ хуулийн 21.4-т заасан бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь уг зөвшөөрлийг гэрчилгээний хамт олгон, тухай бүр албан татварыг хураан авч, холбогдох төсөвт төвлөрүүлнэ.

26.3.Энэ хуулийн 4.1.3-т заасан зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч нь зөвшөөрөл, албан татвар төлсөн гэрчилгээг биедээ авч явах, эсхүл тээврийн хэрэгсэлдээ ил байрлуулна.

26.4.Энэ хуулийн 26.2-т заасан албан татвар төлөгчийн албан татвар төлснийг нотлох гэрчилгээний загварыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

26.5.Энэ хуульд заасны дагуу албан татварын тайлан гаргах үүрэг хүлээгээгүй албан татвар төлөгч өөрийн хүсэлтээр тухайн жилийн албан татварын тайлан гаргаж, дараа жилийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлэн, жилийн эцсийн тооцоо хийж болно.

26.6.Албан татвар төлөгч нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжид ажиллаж, Монгол Улсад байрладаггүй этгээдээс авсан энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд тодорхойлсон орлогод ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт төлж, тухайн татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

27 дугаар зүйл.Албан татварын тайлан хүргүүлэх хугацаа

27.1.Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

27.2.Албан татвар төлөгч энэ хуулийн 15.1, 15.6, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

27.3.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь энэ хуулийн 26.2-т заасны дагуу хураан авсан албан татварын тайланг харьяа татварын албанд дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

27.4.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч нь гадаад улсад олсон энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2-т тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

27.5.Энэ хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 23.1-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

27.6.Албан татвар төлөгч татварын жил дуусахаас өмнө тухайн татварын жилд хамаарах албан татварын тайлан гаргаж, холбогдох тооцоог урьдчилан хийж болно.

28 дугаар зүйл.Албан татварын буцаан олголт

28.1.Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 27.1, 27.2, 27.4, 27.5, 27.6-д заасны дагуу хүргүүлсэн тайлангаар албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяа татварын алба дараах журмаар нягталж, эцсийн тооцоог хийнэ:

28.1.1.татварын жилд албан татвар төлөгчид буцаан олгох албан татварын хэмжээ нь энэ хуулийн 23.14-т зааснаар хязгаарлагдах;

28.1.2.албан татвар төлөгч энэ хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эхэлж эдлэх;

28.1.3.энэ хуулийн 23.1-д зааснаас бусад хөнгөлөлтийг албан татвар төлөгч энэ хуулийн 28.1.1-д заасан хязгаарт багтаан өөрөө сонгож эдлэх;

28.1.4.албан татвар төлөгч энэ хуульд заасан хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй байх;

28.1.5.энэ хуулийн 23.4-т зааснаас бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй байх.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар нь төлбөл зохих албан татварын хэмжээнээс бага тохиолдолд харьяа татварын алба албан татвар төлөгчид мэдэгдэж, эцсийн тооцоог хийж, зөрүүг төлүүлнэ.

28.3.Энэ хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар төлбөл зохих албан татварын хэмжээнээс давсан тохиолдолд илүү гарсан дүнг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

28.4.Энэ хуулийн 28.3-т заасан албан татвар төлөгчийн буцаан авах, илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:

28.4.1.буцаан олголтыг тухайн татварын албаны харьяалагдах засаг захиргааны нэгжийн төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид буцаан олгох;

28.4.2.харьяа татварын алба энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан тайлан хүргүүлэх хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан буцаан олгох албан татварын хэмжээг хянан тодорхойлж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх;

28.4.3.энэ хуулийн 28.4.1-д заасан буцаан олголтыг дараа жилийн 2 дугаар улиралд багтаан олгох.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД

29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

 


 

2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв