JM Computers and Electronics - шаблон joomla Mp3
Д.Баярцэцэг: НӨАТ-ын буцаан олголт мэдээлэл нь баталгаажсан иргэдийн дансанд орно

"Ийгл ньюс" телевизийн "Зочны цаг"-т татварын буцаан олголт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэгтэй ярилцлаа.

Энэ оны эхний улиралдаа багтаан иргэд НӨАТ-ын 20 хувийг буцааж авах байгаа. Мөн иргэд ирэх хоёрдугаар сарын 15-наас өмнө материалаа бүрдүүлэн өгч орон сууц, сургалтын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.

-НӨАТ-ын урамшуулал буюу худалдан авсан үнийн дүнгийнхээ 20 хувийг иргэд буцааж авахаар байгаа. ebarimt.mn сайтад иргэд бүртгүүлсэн. Улсын төсөвт үүний санхүүжилтийг шийдэх нь зүйтэй юм гээд 80 тэрбум төгрөг суулгасан. Иргэд НӨАТ-ын урамшууллаа хэдэн сард авах вэ гээд хүлээж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга  өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс  хэрэгжиж эхэлсэн.Энэ хуулиар НӨАТ-ын урамшууллын систем гэдэг шинэ эрх зүйн зохицуулалт орж ирсэн. Энэхүү урамшууллыг худалдан авалт хийсэн иргэд буюу хувь хүмүүс нэгдүгээрт сугалааны тохирлоор, хоёрдугаарт НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголт хэлбэрээр  хүртэхээр байгаа. Хуулиндаа дараа оны эхний сарын 15-ны дотор нэгдсэн системээс гаргаж  Мэдээлэл технологийн төв  уг мэдээллийг  Татварын албанд ирүүлнэ. Татварын алба ажлын  долоо хоног буюу одоогоор хуанлийн ес хоногт багтаагаад хянан баталгаажуулна. Үүнд: худалдан авалтын төлбөрийн баримт нь  суутган төлөгчөөс бичигдсэн эсэх, тухайн бараа бүтээгдэхүүнд НӨАТ ногдсон эсэх эсэх,  худалдан авалт нь иаиварын албанд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгаж  хуулийн хүрээнд хянан баталгаажуулаад Сангийн яаманд хүргүүлнэ. Ингэж хүргүүлэх хугацаанд буцаан олголт авах иргэд маань ebarimt системд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах хэрэгтэй. Сангийн яам буцаан олгох хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 45 хоног дотор хянан баталгаажуулж татварын албаны тусгай дансаар буюу Төрийн сангаар дамжуулан татвар төлөгч иргэдийн дансанд орно. Тиймээс  товлосон сар өдөр хэлэх боломжгүй. Хуулийн хугацаандаа хянан баталгаажуулан Төрийн сан дээр очно. Төрийн сан санхүү, хөрөнгө мөнгөний боломжоороо тодорхой хугацаанд шийднэ. Энэ бүхэн хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэнэ.

-Тэгвэл одоо ямар ч хувь хүний худалдан авсан бараа бүтээгдэхүүний НАӨТ-ын 20 хувийн урамшуулал нь ороогүй байгаа гэсэн үг үү?

-Одоогоор ороогүй байгаа. Энэхүү ажил нь хянан баталгаажуулах шатандаа явж байна.

-Хянан баталгаажуулж байхад иргэдийн зүгээс ebarimt.mn сайт руу мэдээллээ оруулахдаа маш буруу мэдээлэл оруулж байна. Өөрөөр хэлбэл, иргэд регистрийн дугаараа бичээгүй, дансны дугаараа бичсэн ч түүнийг нь банкнаас нь шүүлгэхэд тэр данс дээр тухайн иргэний нэр байхгүй, эсвэл хамтран эзэмшигчтэй данс бичсэнээсээ болоод урамшууллаа авч чадахгүй байна гэж олон  татвар төлөгчийн мэдээлэл танайд нэгтгэгдэж байгаа гэсэн?

-Яг одоо хянан баталгаажуулах явцад мэдээллээ баталгаажуулаагүй, дансны дугаараа буруу оруулсан, хамтран эзэмшигчтэй буюу буруу данс бүртгүүлсэн тохиолдлууд байна. Иргэд маань "Би мэдээллээ бүрэн оруулсан. Миний мэдээлэл бүрэн, татварын албанаас миний буцаан олголт олгогдох нь, тайван сууж болох нь ээ гэдэг мэдээллийг яаж мэдэж болох вэ" гэж их асуудаг. Одоогийн байдлаар татварын албаны ebarimt.mn цахим сайтад хандан тухайн татвар төлөгч өөрийн мэдээлэл рүү ороход "Таны мэдээлэл бүрэн баталгаажсан байна" гэж гарч ирж байвал та санаа зоволтгүй гэсэн үг. Харин таны мэдээлэл баталгаажаагүй байна гэсэн сануулга гарч ирсэн бол яаралтай мэдээллээ баталгаажуулна уу. Энэхүү буцаан олголт маань ямар нэгэн тайлан ирүүлэхгүйгээр татварын алба хянан баталгаажуулаад олгогдох ёстой. Олгогдохдоо банкны ямар нэгэн шимтгэл авахгүй, таны дансанд орно.хувь хүний орлогийн албан татвараас чөлөөлөгдөнө.

Д.Баярцэцэг: НӨАТ-ын буцаан олголт мэдээлэл нь баталгаажсан иргэдийн дансанд орно

-Иргэд юун дээр голчлон анхаарах хэрэгтэй вэ?

-Бид өнөөдрийн байдлаар хянан баталгаажуулсан мэдээллээ бүрэн оруулсан иргэдийг судлаад үзэхэд 130 гаруй мянган иргэн мэдээллээ дутуу оруулсан байна. Эдгээр иргэдийн маань 90 хувь нь 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа илгээсэн иргэд байна. Татварын албанаас төлбөрийн баримтаа бүхий л хэлбэрээр системд оруулах боломжоор хангасан. Үүний нэг хэлбэр нь 131313 тусгай дугаарт мессежээр төлбөрийн баримтаа илгээх боломж юм. Гэтэл орон нутагт байгаа иргэд маань мессежээр төлбөрийн баримтаа оруулчхаад ebarimt.mn рүү мэдээллээ оруулаагүй.

-Энэ тохиолдолд урамшууллаа авах боломжгүй болох уу?

-Тийм. Тэгэхээр татварын алба хянан баталгаажуулж байгаа энэ ес хоногийн дотор дээрх иргэд даруйхан мэдээллээ оруулах хэрэгтэй. Тэгвэл таны мэдээлэл баталгаажин буцаан олголтын дүн нь таны дансанд орно. Иргэдэд анхааруулахад ebarimt.mn сайт руу ороод өөрийн мэдээллээ нягтлан үнэн зөв эсэхийг шалгаарай. Магадгүй хонины бэлчээр дээр яваа, орон нутагт байгаа интернэтийн боломжгүй нөхцөлд байгаа байж болно. Гэхдээ бид иргэдэд олон боломжийг нээж өгсөн. Нэгдүгээрт та өөрт хамгийн ойр байгаа татварын албан дээр очоод мэдээллээ оруулж чаддаггүй гээд тусламж хүсэхэд татварын байцаагч оруулж өгөхөөр үйлчилгээг зохион байгуулсан байгаа. Ингэхдээ заавал тэр хүний харьяалагдах татварын алба гэж зааж өгөөгүй. Хэрвээ та ажлаар Ховд аймагт явж таарвал тэндээ баталгаажуулж болно. Магадгүй орон нутгийн иргэд Улаанбаатарт байгаа бол энд өөрт ойрхон татварын албанд очиж баталгаажуулах хэрэгтэй. Хоёрдугаарт 1800-1288 утас руу залгаад миний мэдээлэл баталгаажаагүй байгаа гээд мэдээллээ өгөхөд манай байцаагч нар зөвлөж тусалж  үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Гуравдугаарт 131313 тусгай дугаар руу асуултын тэмдэг /?/ мессежээр  илгээхэд хариуд нь ebarimt.mn руу нэвтрэх нэр, нууц үгийг нь татварын албанаас илгээж байгаа. Тэгэхээр интернетийн орчинд байгаа хэн нэгний тусламж, дэмжлэгийг аваад мэдээллээ баталгаажуулах боломжтой байгаа.

Д.Баярцэцэг: НӨАТ-ын буцаан олголт мэдээлэл нь баталгаажсан иргэдийн дансанд орно

-Хамтран эзэмшигчтэй данс бичсэн тохиолдолд яах вэ?

-Энэ тохиолдолд төрийн сангийн тодорхой шалгуурыг хангадаггүй учраас "Таны оруулсан дансны мэдээлэл шалгуур хангахгүй байна. Таны данс хамтран эзэмшигчтэй данс байж болзошгүйг анхаарна уу" гэсэн анхааруулга тухайн иргэнд очиж байгаа.  Хамтран эзэмшигчтэй данс байж болохгүй.

-Хэрвээ иргэд хамтран эзэмшигчтэй данс бичсэн юм уу, мэдээллээ буруу оруулсан тохиолдолд урамшууллын мөнгө нь орохгүй гэсэн үг үү?

-Татварын алба, Сангийн яам хянан баталгаажуулаад тухайн татвар төлөгч иргэний дансны мэдээлэл цаашаа илгээгдээд явсан нөхцөлд боломжгүй. Бид төлбөрийн баримтын тухайд нэг боломжийг нээж өгсөн. Дараа оны эхний ажлын тав хоногт багтаан төлбөрийн баримтаа шивнэ гэж байсныг энэ сарын 8-ны 28.59 цаг болгон сунгаад төлбөрийн баримтаа шивж, нягтлахыг иргэдэд анхааруулж мэдээлэл түгээн  телевизийн бүх сувгуудаар анхааруулга явуулсан байгаа.

Д.Баярцэцэг: НӨАТ-ын буцаан олголт мэдээлэл нь баталгаажсан иргэдийн дансанд орно

-Ямар дарааллаар иргэдэд урамшууллын мөнгийг олгох вэ?

-НӨАТ-ын буцаан олголтын тухайд мэдээлэл нэг л багцаар очно. Тухайн үеийн банк, санхүүгийн нөхцөл байдлаас болох байх.Урьдчилан ийм дарааллаар орно  орно гэсэн журам заавар байхгүй.

-Иргэд өнгөрсөн оны НӨАТ-ын баримтаа хадгалах хэрэгтэй юу?

-Өнгөрсөн оны баримтаа ebarimt.mn цахим сайт руу энэ сарын 8-ны 23.59 өмнө шивж оруулах хэрэгтэй. Энэ асуудал 8-наас хойш яригдахгүй. Харин нэгдүгээр сарын 22-нд НӨАТ-ын сугалааны тохирол явагдана. Түүнд өнгөрсөн арванхоёрдугаар сарын баримтууд хамрагдана. Үүний дараа баримтуудаа хадгалах шаардлага байхгүй.

-НӨАТ-ын баримтаа сар бүрийн тэдний хооронд оруулах хэрэгтэй гэж нарийн заасан хугацаа байгаа юу?

-Төлбөрийн баримтаа худалдан авалт хийснээс хүйш 15 хоногт багтаан бүртгүүлсэн байх  шаардлагатай. Татварын алба НӨАТ-ын талаар мэдээллийг цахим ертөнц болон хэвлэл мэдээллээр иргэдэд хангалттай сайн өгч байгаа.

Хэрэгцээт холбоос