JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 оны 12-р сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 20 гаруй удаагийн нэмэлтээр хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч эрүүгийн хуультай харилцан уялдаа холбоогүй байсан нь хуулийг шинэчлэх гол шалтгаан болсон.

         Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгцээ шаардлагад тулгуурласан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон 600 орчим зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон.

         Гэвч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй буюу энэ хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд ёсчлогдоогүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй, харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан.

         Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилготой энэхүү хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг торгох, эрх хасах гэсэн 2 хэлбэртэй байхаар, эрх хасах шийтгэлийг торгох шийтгэлд нэмэгдэл чанартай оногдуулахаар хуульчилсан.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулах бөгөөд хуулийн 10 дугаар бүлэг /ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАРЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ/-ийн 10.19 дүгээр зүйлд татвар төлөхөөс зайлсхийх ямар үйлдэл, эс үйлдэхүйг татвар төлөхөөс зайлсхийх зөрчилд тооцох, энэхүү зөрчилд хүлээлгэх хариуцлагын талаар хуульчилсан болно. Тухайлбал:

10.19 дүгээр зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, зардал, бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, нягтлан бодох, анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгасан, нуусан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, засварласан, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгосон, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хийсэн, хуурамч өглөг үүсгэсэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл, эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэлгүй бараа үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж тэдгээрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Татварын хуульд заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй; хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй; хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд хувийн хэрэг нээлгээгүй; тогтоосон хугацаанд мэдэгдэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Татвар төлөгч байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлсон; татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирээгүй; шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа газраа мэдэгдээгүй; эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих татвар, алдангийг төлөөгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хуулийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

--- оОо ---

 

 

 

 

Хэрэгцээт холбоос