JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

3.1 Борлуулалтын орлого

Тайлант хугацааны борлуулалтын орлого нь татвараас чөлөөлөгдөх орлогын дүн (мөр 2), үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогын дүн (мөр 7), туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогын дүн (мөр 8)-ийн  нийлбэрээр тодорхойлогдоно. 

3.2 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

3.2.1 Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зардлын төрөл, зардлыг хуримтлуулан бүртгэх арга, ажиллагаа нь зарчмын хувьд адил байдаг.Тухайн тайлант хугацааны борлуулсан бүтээгдхүүний өртгийг тодорхойлохдоо:  “Бэлэн бүтээгдхүүн” дансны тайлант оны эхний үлдэгдэл дээр (мөр 1), тайлант онд “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг” (мөр 2)-г нэмж, түүнээс “Бүтээгдхүүний бусад зарлага” /дотооддоо ашигласан, акталж устгасан зүйлс гэх мэт/ (мөр 3) болон “Бэлэн бүтээгдэхүүн” дансны тайлант оны эцсийн үлдэгдэл (мөр 5)-г хасч тооцно. 

Тайлант онд “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг”–ийг : “Дуусаагүй үйлдвэрлэл” дансны тайлант оны эхний үлдэгдэл (мөр 2.1) дээр тайлант үед бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой гарсан шууд материал (мөр 2.2), шууд хөдөлмөр (мөр 2.3), үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал (мөр 2.4)-г нэмж, түүнээс “Дуусаагүй үйлдвэрлэл” дансны тайлант оны эцсийн үлдэгдлийг хасч тодорхойлно.

3.2.2 Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь борлуулсан барааны өртгийг: “Бараа” дансны тайлант оны эхний үлдэгдэл (мөр 1) дээр тайлант онд худалдаж авсан барааны цэвэр өртөг (мөр 2)-г нэмж, барааны бусад зарлага /дотооддоо ашигласан, акталж устгасан зүйлс гэх мэт/ (мөр 3) болон “Бараа” дансны тайлант оны эцсийн үлдэгдлийг (мөр 5) хасч тодорхойлно.

Тайлант хугацаанд худалдаж авсан барааны цэвэр өртгийг (мөр 2) худалдан авсан барааны үнэ (мөр 2.1) дээр тухайн барааг олж бэлтгэхтэй холбоотой гарсан зардал (мөр 2.2), тээврийн зардал (мөр 2.2.1), даатгалын зардал(мөр 2.2.2), ачиж буулгах зардал (2.2.4) болон төлсөн татвар хураамж (2.2.3)-г нэмж, түүнээс худалдан авсан барааны хөнгөлөлт, хямдруулалт (мөр 2.3), буцаалт (мөр 2.3)-ыг хасч тодорхойлно.

3.3 Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор заасан зардлуудыг нэр, төрлөөр нь тодруулж бөглөнө.

Албан татвар ногдох орлогоос хасагдах нийт зардлын дүн (мөр 45) нь хасагдах зардал тус бүрийн нийлбэр буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулгын 3 дахь хүснэгтийн 1-44 дүгээр мөрүүдийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно.

 3.4 Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12,13, 14, 15 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлуудын хязгаараас хэтэрсэн дүн, албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй зардлуудыг нэг бүрчлэн тодруулна.

Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй нийт зардлын дүн (мөр 9)-г албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал тус бүрийн дүн (мөр1+2+...+8)-гийн нийлбэрээр тодорхойлно.

3.5 Хувь нийлүүлэгчдийн талаарх мэдээлэл

Энэ хэсэгт хувь нийлүүлэгчдийн нэр, татвар төлөгчийн дугаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн төрөл, дүн , байнгын оршин суудаг хаягийг тодруулна. Хувьцаагаар хөрөнгө оруулсан хувь нийлүүлэгчдийн хувьд тайлант хугацааны эхэнд болон эцэст эзэмшиж байсан хувьцааны тоо ширхэг, хувьцаагаар хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнг тодруулах бөгөөд тухайн хувь нийлүүлэгчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн (10) нь хувьцаагаар оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн (7), мөнгөөр оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн (8), хөрөнгөөр оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн (9)-ийн нийлбэрээр тодорхойлогдоно.

3.6 Хөрөнгө оруулалт буюу охин ба хараат компаниудын талаарх мэдээлэл

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө оруулсан компанийг эзэмшлийн хувиас нь хамаарч хараат, охин компани гэж ангилдаг.Хөрөнгө оруулсан компанийн нэр, татвар төлөгчийн дугаар, хөрөнгө оруулалтын дүн, эзэмшлийн хувь, байнгын оршин суудаг хаягийг тодруулна.

3.7 Хайгуулын болон олборлолтын ажлын зардлын задаргаа

Хайгуулын болон олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй талбай тус бүрээр гүйцэтгэсэн хайгуулын болон олборлолтын ажлын зардлын нийт дүнг зардлын ангилал тус бүрээр тодруулна. 

Нийт зардал  (мөр 1) нь үйлдвэрлэлийн зардал (мөр 2), зээлийн хүү (мөр 3), удирдлагын болон захиргааны зардал (мөр 4), ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (мөр 5), агаарын болон усны бохирдлын төлбөр (мөр 6), нэмэгдсэн өртгийн албан татвар (мөр 7), бусад зардал (мөр 8)-ийн нийлбэрээр тодорхойлогдоно.

3.8 Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Энэ хэсэгт шилжүүлсэн орлогын төрөл, шилжүүлсэн орлогын нийт дүн, оршин суугч бус этгээдийн харьяалал, нийт ногдуулсан татварын дүнг тус тус тодруулна. Мөн “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх ,татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрийн дагуу өөрчлөгдсөн татварын хувь хэмжээ, татварын дүнг тооцож харуулна.

4. ААНОАТ-ын тайлан гаргах үүрэг бүхий бүх аж ахуйн нэгжүүд ТЕГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/73 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан  тайлангийн “Тодруулга”-ыг татварын албанд тайлан ирүүлэх тухай бүрд ирүүлнэ. 

http://www.mta.mn/app/f?id=4678&tid=23945 

Хэрэгцээт холбоос