Н.ЖАРГАЛЦЭЦЭГ: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД И-БАРИМТ ӨГӨХ БОЛОМЖ БҮРДСЭН.

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс НӨАТ-тай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-2018 оны НӨАТ-ын буцаан олголт зарим иргэдийн дансанд одоог хүртэл ороогүй гэсэн гомдол байгаа?

-2018 оны НӨАТ-ын буцаан олголт 98,9 хувьтай олгогдоод байна. Монголбанк руу гүйлгээ явсан нийт иргэдээс 15263 иргэний нэр, данс зөрүүтэй гэдэг шалтгаанаар гүйлгээ буцсан. Энэ тоо анх 17 мянга байсан ч иргэд мэдээллээ засварлаж, Монголбанк руу гүйлгээ дахин хийгдсэн. Дээрх 15263 иргэнд мэдээллээ засварлан дахин илгээх эрхийг нь нээж өгсөн байгаа. Тиймээс эдгээр хэрэглэгчид и-баримт руу өөрийнхөө аккаунтаар орж хандахад ямар шалтгаанаар таны гүйлгээ буцсан тухай мэдээллийг өгнө. Нэгдүгээрт нэр, данс зөрүүтэй, хоёрдугаарт аль нэг мэдээллийг оруулаагүй, гуравдугаарт тухайн банкны данс хаагдсан эсвэл дансны дугаар зөрүүтэй, буруу гэсэн шалтгааны улмаас эдгээр иргэдийн 2018 оны НӨАТ-ын буцаан олголтын гүйлгээ хийгдээгүй буцсан. Жишээ нь нэр, данс зөрүүтэй гэдэг дээр иргэд  овог, нэрээ сольж бичдэг. Мөн "Голомт" банк гэж банкаа сонгоод Хаан банкны дансны дугаар бичсэн байдаг. Эдгээр иргэд дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал мэдээллээ дахин баталгаажуулах хэрэгтэй.

-Иргэдэд өгч байгаа НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос ямар байгууллагууд чөлөөлөгддөг вэ?

-Буцаан олголт буюу 2 хувийн урамшуулал нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байгууллагаас авсан баримт буцаан олголтын 2 хувьд тооцогдож байгаа гэсэн үг. НӨАТ суутган төлөгч биш байгууллага буюу үйл ажиллагаа явуулаад тухайн байгууллагын борлуулалтын орлого 50 сая хүрээгүй, НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйл заалтаас чөлөөлөгдөх бараа, үйлчилгээ дагнан эрхэлж байгаа хуулийн этгээдээс авсан баримтад буцаан олголт бодогддоггүй. Тиймээс иргэд зарим тохиолдолд сургалтын төлбөр төлчихөөд миний 2 хувийн урамшуулал орохгүй байна, би эмнэлэгт өндөр үнэтэй төлбөртэй үйлчилгээ, эмчилгээ авсан байхад миний 2 хувийн буцаан олголт орсонгүй гэж ханддаг. Эмнэлгийн үйлчилгээ болон сургууль, боловсролын үйлчилгээ бүгд 2 хувийн НӨАТ-аас чөлөөлөгддөг учраас зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримт олгогддог. Хамгийн энгийнээр хэлэхэд аль баримт НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт бодогдох вэ гэвэл баримт дээр нь НӨАТ гээд мөнгөн дүн бичигдсэн л бол орно гэж тооцоолж болно.

-Банк болон дээрх байгууллагуудаас зөвхөн сугалаанд оролцох баримтаа авч болох нь ээ?

-Тийм. Банк, банк бус санхүүгийн байгууллага, боловсролын байгууллагууд, эмнэлгийн үйлчилгээнүүд НӨАТ-аас чөлөөлөгддөг. "Сүү" ХК-ний бараа, бүтээгдэхүүн НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйл заалтаар НӨАТ-аас чөлөөлөгддөг. Тиймээс "Сүү" ХК-ийн байран дээрээс очоод нэрийн дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн авахад НӨАТ тооцогддоггүй. Зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримт өгнө. Харин түүнийг дамжуулан борлуулж байгаа 8 нэрийн дэлгүүрүүдээс худалдан авсан сүүний дүнд НӨАТ-ын буцаан олголт тооцогддог.

Н.Жаргалцэцэг: Зах, худалдааны төвүүд и-баримт өгөх боломж бүрдсэн

-Зах, худалдааны төвүүдэд и-баримтыг олгодог болно гээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ажил ямар шатандаа явна?

-Зах, худалдааны төвүүдэд и-баримт өгөх боломж нь бүрэн бий болсон. Тухайн зах, худалдааны төвд худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчид нарт гар утсаараа төлбөрийн баримт олгох боломж нь бүрдсэн. Тиймээс иргэд төлбөрийн баримтаа авья гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Хэрвээ төлбөрийн баримт өгөхгүй бол манай татварын албаны 1800-1288 дугаар утсанд холбогдож гомдлоо бүртгүүлэх шаардлагатай. Мөн өөрт нь аль ойрхон татварын хэлтэс болон "Дүнжингарав", "Мишээл", "Оргил" төвд байрлах манай татварын албаныханд гомдлоо бүртгүүлж болно. Ингэснээр татварын алба тухайн бизнес эрхлэгч дээр очиж, төлбөрийн баримт нөхөж олгох, зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг хийгээд явж байгаа.

-Бусдын өмнөөс баримт бүртгүүллээ гэх асуудал байдаг?

-Баримт бүртгүүлж байгаа нь иргэд тухайн бизнес эрхлэгчийн орлогыг татварын албанд тайлагнаж байна гэсэн үг. Өөртөө зориулж худалдаж аваагүй тохиолдолд буюу жишээ нь тухайн дэлгүүрийн худалдагч бусдын баримтыг бүртгүүлэх асуудал дээр татварын алба ажиллагаа хийн шалгаж байгаа. Гол нь иргэдийн бүртгүүлж байгаа баримт цэвэр өөрийнх нь худалдан авалт байх ёстой. Түүнээс биш хэн нэгний хамааралгүй, бусад этгээдэд очих ёстой байсан худалдан авалтын баримтыг өөр хүн бүртгүүлж болохгүй.

-Жишээ нь би хүнсний дэлгүүр ажиллуулдаг байлаа гэхэд дэлгүүрийн бараагаа байгууллагын нэр дээр биш хувь хүнээр баримт авч бүртгүүлэх нь зөрчил үү?

-Энэ бол зөрчил. Одоогоор ийм төрлийн зөрчил их гарч байгаа. Бизнес эрхэлж байгаа иргэн жилийн эцэст тайлан гаргах ёстой байдаг. Иргэний орлогын  тайлангаараа тухайн жил олсон орлогоосоо орлого олоход холбогдож гарсан зардлаа хасаж зөрүү дүнгээс холбогдох татварыг төлдөг. Тэгэхээр дэлгүүр ажиллуулж байгаа иргэн тухайн жилд хэчнээн төгрөгийн орлого олсон, түүнийг олоход гарсан зардлуудаа хасах ёстой. Гэтэл хасагдах зардал байхгүй тухайн баримтуудаа өөрөө бүртгүүлсэн нь зөрчил юм. Бизнес эрхэлж байгаа иргэн өөрийнхөө үйл ажиллагаанд зориулж авсан худалдан авалтаа бизнес эрхлэгчээрээ регистрийн дугаарыг хэлээд авах ёстой. Бизнес эрхэлдэг байсан ч гэр бүлдээ зориулж авч байгаа бол баримтаа бүртгүүлэх эрх нь нээлттэй. Энэ жилээс эхлээд бизнес эрхэлж байгаа иргэн өөрийнхөө бизнесийнхээ үйл ажиллагааны баримтыг өөр дээрээ бүртгүүлж байгаа асуудал дээр шалгалт хийн тодорхой тооны иргэдэд тухайн баримтыг нь цуцлах үйл ажиллагааг хийсэн. Ингэснээр тухайн бүртгүүлсэн баримтын буцаан олголт хийгдэхгүй.

Эхсурвалж:http://eagle.mn


Мэдээ нийтлэгдсэн: 2019-04-01 01:21:36
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв