Б.Биндэръяа: НӨАТ-ын сугалаанаас 1,000 баримт тутамд нэг азтан тодрох магадлалтай байдаг

-Нэг хүн олон удаа азтан болоод байна. Танай газарт ажилладаг хүмүүс азтан болоод байна гэх хардлага иргэдийн дунд байна. Та үүнд тайлбар өгөөч?

-Та бүхэн мэдэж байгаа байх манай сугалааны тохирол бүртгэгдэж, баталгаажсан баримтын дунд явагддаг. Сугалааны тохирол сард нэг удаа телевизийн шууд эфирээр цацагддаг бөгөөд тохирол эхлэхийн өмнө сугалаанд оролцох баримтын тоог мэдээлдэг.

Аравдугаар сарын 21-нд болсон есдүгээр сарын сугалааны тохирол дээр жишээ аваад тайлбарлая. Есдүгээр сарын 1-30-ны хооронд нийт 35 сая баримт хэвлэгдсэний 21 сая баримтыг иргэд ebarimt системд бүртгүүлсэн байсан.

 

 

0-9 хүртэл тоотой, ижил хэмжээ, жинтэй 10 бөмбөлгийг зориулалтын төхөөрөмж дотор үлээлгэж, найман оронг гаргаж ирдэг. Үр дүнгээ шууд нэвтрүүлгийн үеэр мэдээлээд явдаг учраас хэн нэгэн эсвэл манай ажилтан ч юм уу ийм дугаарууд гарна гэж таамаглах боломжгүй. Мөн нэгэнт бүртгэгдсэн баримтын дунд сугалаа явагдаж байгаа учраас нөхөж баримт бүртгүүлэх боломжгүйг хэлмээр байна.

Ebarimt сугалааны тохирлыг автоматаар тааруулах огт боломжгүй.

Түүнчлэн манай ажилтнууд азтан болдог эсвэл танил тал нь азтан болоод байна гэх хардлага олон нийтийн сүлжээгээр яваад байгаа учраас бид Тагнуулын Ерөнхий Газрын Кибер аюулгүй байдлын газарт хандаж, иргэдийн хардлага бодитой эсэх болон систем дээр дүгнэлт гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу Кибер аюулгүй байдлын газраас 2017 оны долоодугаар сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын хариуд “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын ажилчдын дунд олон удаа азтан болсон хүн алга байна. Нийтдээ манайд ажиллаж байсан болон байгаа хүмүүс дундаас 11 хүн азтан болж байсан. Тэдний гурав нь 100 мянган төгрөг, найман хүн 20 мянган төгрөг хожиж байсан” талаар мэдээлсэн. /Тагнуулын Ерөнхий Газрын Кибер аюулгүй байдлын газраас ирсэн хариутай ЭНД ДАРЖ танилцана уу/

Гэсэн ч иргэн танд хардлага төрсөөр байгаа бол сар бүрийн гурав дахь долоо хоногийн Ням гарагт Боловсрол телевизээр шууд дамжуулагддаг сугалааны тохирлыг очиж үзэх,  сугалааны төхөөрөмжид хяналт тавьдаг мэргэжлийн хүмүүсээс өөрөө уулзан мэдээлэл авах, хөндлөнгийн хянагчаар оролцох боломжтой.

-Иргэд ebarimt-н  тохирлыг их идэвхтэй үзэж, азтан болсон эсэхээ шалгадаг болсон. Ер нь азтан болох магадлалыг тооцоолж үзсэн байдаг уу?

-Сугалааг бүртгэгдсэн баримтуудын дунд явуулж эхэлж байхад сард 10 гаруй сая баримт оролцдог байсан. Энэ тоо сараас сард өссөөр хамгийн сүүлийн байдлаар есдүгээр сард 35 сая баримт хэвлэгдэж, 21 сая нь бүртгэгдсэн байна.

 

 

Манай сугалааны системээс 1,000 баримт тутамд нэг азтан тодрох магадлалтай байдаг.Тэгэхээр бүртгэгдсэн баримтын тоо нэмэгдэх тутамд азтануудын тоо нэмэгддэг гэсэн үг.

Сугалааны системээс 1,000 баримт тутамд нэг азтан тодрох магадлалтай байдаг.

Систем нийт 1.2 сая хэрэглэгчтэйгээс 708 мянга нь идэвхтэй хэрэглэгч. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 40 удаагийн тохирол явагдаж давхардсан байдлаар 480 мянган азтан тодорсон байна. Зарим хэрэглэгч маань хоёр, гурван удаа азтан болсныг тооцоод харахад идэвхтэй хэрэглэгчдийн маань 40 орчим хувь нь азтан болжээ.

 

 

Та бүхэн мэдэж байгаа байх сугалааны сүүлийн гурван орон таарвал 50,000 төгрөг хождог. Тэгвэл одоогийн байдлаар нийт азтануудын маань 90 хувь нь 50,000 төгрөг хожсонбайна.

-Сард дунджаар хэдэн төгрөгийг сугалааны хонжворт өгдөг вэ?

-Сугалааны журамд өөрчлөлт орохоос өмнө сүүлийн гурван орон таарвал 20,000 төгрөг хождог байсан. Тухайн үед сард 500-700 сая төгрөгийг сугалааны хонжворт олгодог байсан бол бага дүнтэй хонжворын дүнг нэмж  50,000 болгосноос хойш сард 1-1.5 тэрбумыг хонжворт олгож байна. Дээр дурдсан 480 мянган азтан маань нийтдээ 19.5 тэрбум төгрөгийг сугалаанаас хожсон.

Үүнд иргэдийн идэвх нэмэгдсэн нь бас нөлөөлж байгаа байх.

2017 оны буцаан олголтоо аваагүй 15 мянган иргэн байна

-Иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхээс шалтгаалаад буцаан олголтын хэмжээ нэмэгдэж байгаа юу?

-Буцаан олголтын хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа. 2017 оны буцаан олголтыг 2018 оны нэгдүгээр улиралд олгосон. Ингэхдээ 654 мянган иргэн буцаан олголт авахаар байсан ч одоогоор 15 мянган иргэн буцаан олголтоо аваагүй л байна. Систем рүү оруулсан тухайн хүний мэдээлэл дутуу, данс нэр нь зөрсөн учраас шилжүүлж болохгүй байгаа.

2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гарсан.

Тэдгээр 15 мянган хүний дийлэнх нь бага дүнтэй буцаан олголт авахаар байгаа учраас мэдээллээ гүйцэд оруулах, гарсан алдааг засах тал дээр анхаарлаа хандуулахгүй байна.

2019 оны нэгдүгээр улиралд олгох буцаан олголтын бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн. Анхны жил буюу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах болов уу гэсэн урьдчилсан тооцоолол гараад байгаа.

 

 

-Хялбар бүртгэлийг нэвтрүүлж байгаа талаар хоёулаа өмнө нь ярилцсан. Энэ үйл явц хэр ахицтай үргэлжилж байна вэ?

-Хуучин бол ebarimt системд гурван сувгаар буюу компьютерээс ebarimt.mn сайтад орж, гар утасны аппликэшнээр, 131313 тусгай дугаарт мессеж илгээж бүртгүүлдэг байсан. Бүртгэлийг иргэдэд түвэг чирэгдэл багатай байлгах үүднээс хялбар бүртгэлийг нэвтрүүлэхээр эхний ээлжинд арилжааны банкуудад хандсан. Ингэснээр банкууд шинэ пос машин нэвтрүүлж, тус машинд картаа уншуулж бэлэн бусаар төлбөр төлбөл баримт нь автоматаар хэрэглэгчийн нэр дээр бүртгэгдэх шийдлийг нэвтрүүлж байна.

Одоогоор Хаан, Голомт банкууд бусдыгаа түүчээлэн үйлчилгээг нэвтрүүлчихсэн, зарим нь нэвтрүүлэх болон системийн хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Шинэ пос машин хэрэглэж байгаа тохиолдолд автоматаар бүртгүүлэх боломжтой учраас шинэ пос машин тараах үйл явцаас шалтгаалаад бага зэргийн удаашралтай байна.

Хялбар бүртгэлийг идэвхтэй ашиглаж байгаа дараагийн салбарынхан бол оператор компаниуд. Үүрэн телефоны дөрвөн компаниас Мобиком, Юнител хоёр хялбар бүртгэлийг нэвтрүүлчихсэн, Скайтел, Жи-Мобайл компаниуд хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа.

-Сонирхолтой статистик мэдээллүүд өгсөн танд баярлалаа. 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-31 07:16:49
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв