Нийслэлийн Татварын газар

Татварын хяналт шалгалт

Хуваалцах:

Татварын хяналт шалгалтанд хамруулах /Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл/

Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан болон татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.

Бүх нийтийг хамарсан гамшиг, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл бий болсон, Улсын онцгой комисс, эрх бүхий байгууллагаас зарласан бэлэн байдлын зэрэг тогтоосон, шаардлагатай бусад үед төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангах үүднээс тухайн нөхцөл байдалд тохируулан татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн цахимаар хяналт шалгалтыг хийж болно.

Татвар хяналт шалгалтыг Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянах, мөн  ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

 

Татвар төлөгчийн эрх, үүрэг /Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл/ 

Татварын ерөнхий хуулийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ” гэж заасны дагуу дараах эрхийг эдэлнэ. 

- энэ хуулийн 12.1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

- эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах;

- татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

- татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах.

 

Татвар төлөгч нь дараах үүрэг хүлээнэ

  • татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;
  • татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах;

 

Хөөн хэлэлцэх хугацаа /Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл/ 

Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.

Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.

 

Татвар төлөх үүрэг дуусгавар болох /Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл/

Татан буугдаж байгаа хуулийн этгээдийг энэ хуулийн дагуу эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулна.

Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй.

 

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт /Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйл/   

 “татварын акт” гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг;

 “нөхөн ногдуулалт” гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг;

“нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг;

"татварын буцаан олголтын акт" гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг;

Татвар төлөгч татварын байцаагчийн актыг эс зөвшөөрвөл гомдол гаргах тайлбар өгөх эрхтэй.

  • татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах;
  • татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

 

Хууль тогтоомж зөрчөөгүй нь тогтоогдвол илтгэх хуудас үйлдэнэ /Татварын ерөнхий хуулийн 79-р зүйл/

Татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомж зөрчөөгүй нь тогтоогдвол илтгэх хуудас үйлдэх бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах.