JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

 Нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын анхны сугалааны 500 мянган төгрөгийн гурван азтан өнөөдөр шагналаа авлаа.

Тухайн өдөр 1 114 929 сугалааны дугаар бүхий баримт гарснаас өнөөдрийн байдлаар 160 азтан өөрсдийн дансанд мөнгөө шилжүүлэн авчээ.  Харин 800 орчим азтан өөрийгөө өнөөдрийг хүртэл азтан болсноо мэдэхгүйгээр баримтаа гар дээрээ байлгаж байна гэсэн тооцоо гарчээ.

 

 

 

 

 

 

 

 

Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга:

"Иргэд гар дээр байгаа баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлэн дансаа холбоорой. Ингэснээр та заавал төрийн байгууллага дээр ирэх шаардлагагүйгээр хонжвороо авах боломжтой.

Цаашдаа тус сайтад баримтаа бүртгүүлэх замаар та азтан болсон эсэхээ давхар шалгаж болно. Бид даваа гараг болгон бүртгэгдсэн байгаа баримтуудаас шалгарсан азтануудадаа мөнгийг нь шилжүүлнэ. ebarimt.mn  сайтдаа идэвхтэй бүртгүүлээрэй" гэлээ.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Оюунчимэг "Номин" их дэлгүүрээс 11929 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 500 мянган төгрөгийн азтан болжээ. Шагналыг нь аав нь ирж авлаа

Азтан Ц.Оюунчимэгийн аав н.Цэнджав:

"Охины маань авсан барааны баримтын сүүлийн таван оронтой тоо тохирч 500 мянган төгрөг хожсон. Бид маш их баяртай байна. Тухайн үед бид баримтаа бүртгүүлээгүй байсан. Тохирлоо зурагтаар үзэж мэдээд бүртгүүлэх ёстойгоо мэдсэн. Ингээд ebarimt-д бүртгүүлээд шагналаа авлаа" гэлээ.

Сүхбаатар дүүргийн иргэн О.Мишээл "Наран" супермаркетаас 13360 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад мөн л 500 мянган төгрөгийн азтан болжээ. О.Мишээл "Азтан болсноо маргааш нь мэдсэн. Систем рүү ортол танд азтан болсонд баяр хүргэе гэсэн мэндчилгээ ирсэн байсан" гэлээ.

Иргэн Т.Цогбадрах "Петровис"-ийн ШТС-аас 10 мянган төгрөгийн шатахуун худалдаж аваад 500 мянган төгрөгийн азтан болжээ. Шагналыг нь эмээ нь ирж авлаа.

Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшууллын хоёр дахь сугалаа маргааш орой буюу нэгдүгээр сарын 31-ний 19:30 цагт МҮОНТ-ийн 1-р сувгаар нэгдүгээр сарын 1-20-ны өдрүүдэд хамаарагдах баримтанд сугалаа тохируулах үйл ажиллагаа болно. Сугалааны тохирлоос өмнө иргэд баримтаа бүртгүүлчихсэн байвал илүү хялбар байх болно гэдгийг Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэллээ.

Тэрээр "Нэгдүгээр сарын 31-ний байдлаар 4.8 сая гаруй баримт дундаас 4800 орчим азтан тодорно гэж тооцоолж байна. 4800 азтан мөнгөө авахын тулд хялбаршуулсан байдлаар баримтаа бүртгүүлчихсэн байвал азтан болоход танд шууд автоматаар мэдэгдэнэ" гэлээ.

Нэгдүгээр сарын 1-20-ны хооронд хамаарагдах баримт учраас тохирлоо тааруулж байсан баримтууд ч хамрагдана гэдгийг тэрээр онцоллоо. Өөрөөр хэлбэл нэг баримтаараа хоёр дахь удаа азаа үзэх боломжтой юм байна.

"Бид магадлалаар 20 саяын азтан 2-4 төрөх магадлалтай гэж тооцоолж байна. Мөн 4 сая төгрөгийн азтан, өмнөх сугалаан дээр зөвхөн 500 мянган төгрөгийн азтан тодорсон. Одоо сугалааны тоо олширсон учраас олон азтан тодрох магадлал үүсч байдаг. Мөн битүүний өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр 7 сая орчим баримтан дунд сугалаа явагдана. Тэр үед шагналын сан тодорхой хэмжээгээр өсөж, олон хүн хамрагдаж азтан болох магадлалтай байна" гэлээ.

 

Мэдээллийг: GoGo.mn 

Хэрэгцээт холбоос